1 настай үе
Хүүхдийн сүүн ба байнгын шүдний харилцан хамаарал, арчилгаа
2019-05-16

Ч.Гантөмөр (АУ-ы доктор, АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн багш)

 

Хүүхдийнхээ сүүн шүдийг маш сайн арчлах хэрэгтэй шүү! Сүүн шүдийг байнгын шүдээр солигддог гээд тоохгүй орхиж болохгүй!  Учир нь эдгээр шүднүүд нь унах хүртлээ хүүхдэд хоол хүнсийг таслах, зажлахад мөн дуу авиаг зөв, цэвэр дуудахад тусалдаг. Мөн үүний зэрэгцээгээр байнгын шүдний зайг нь хадгалж, зөв ургахад нь чиглүүлэгч хөтөч болж өгдөгөөрөө ач холбогдолтой.

Хүүхдийнхаа шүдийг ургаагүй байсан ч гэсэн буйлыг нь цэвэр самбай даавуу, алчуур эсвэл буйлны сойзоор цэвэрлэж арчих хэрэгтэй. Харин шүд нь цухуймагц хүүхдийнхаа шүдийг өдөрт 2-оос багагүй удаа насанд нь тохирсон зөөлөн үстэй сойзоор угааж, усаар зайлах хэрэгтэй.

 

Хүүхдийн сүүн шүдний сурвалжийн доор өсөж том болоход нь ургах байнгын шүдний эх үүсвэр бүрэлдэж бий болж байдаг.

 

Судалгаагаар хүүхдийн сүүн шүд цооролтой байсан бол, байнгын шүд цооролтой байх магадлалтай гэж үзсэн байдаг1, тиймээс хүүхдээ шүдний эмчид 6 сарын дотор нэг удаа заавал үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн сүүн шүдийг эрүүлээр хадгалах нь маш чухал. Үүний нэгэн адил байнгын шүдийг ургахаас нь эхлээд маш сайн арчлах хэрэгтэй. Учир нь энэ шүд насан туршдаа үлдэнэ.

 

Хэдийгээр хүүхэд ч гэсэн тэдэнд тохиолдох шүдний өвдөлт, хэт мэдрэгшил, гэмтэл зэрэг нь насанд хүрсэн хүний шүдтэй нэгэн адил2. Хэрвээ хүүхдийн тань шүд цоорох өндөр эрсдэлтэй гэж шүдний эмч анхааруулсан бол гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг, чипс, чихэрлэг, хийжүүлсэн ундаа, жүүс гэх мэт амттанг багасгах нь чухал3. Өдөрт олон удаа, эсвэл өдрийн унтлага, шөнө унтахаас өмнө чихэрлэг уух зүйлс уулгах нь шүдэнд маш аюултай гэдгийг хүүхдэдээ ухуулан ойлгуулах хэрэгтэй.



Шүдний эрүүл ахуй

Хүүхдийн шүдний зориулалтын оо-г шүд ургаж эхэлсэний дараагаас хэрэглэж эхлэх нь аюулгүй4. Будааны ширхэг шиг бага хэмжээний оо байхад л хангалттай. Бага насны хүүхдүүд шүдээ угаалгаж байхдаа оо-г нулмиж хаяхаас илүү залгих нь их байдаг. Иймд хүүхдэд зориулсан фторын агууламж багатай оог хэрэглэх хэрэгтэй. Харин хүүхдээ өөрөө оогоо нулимж гаргаж чадах хэмжээний том болсон хойно нь залгиж болохгүй гэдгийг ойлгуулж тухайн нас ба шүдний эрүүл мэндийн байдалд тохирсон фторын агууламж бүхий оог ашиглана. .

Хүүхэд өөрөө шүдээ угаахыг хүсвэл угаалгаж болно. Хүүхдийг сойзоороо тоглож байгааг огт хорьж хэрэггүй. Тэр хэрээр хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Харин өөрөө шүдээ угаасны дараа та заавал дахин нэг угааж өгөх хэрэгтэй. Ямар ч хүүхэд байсан 8 нас хүртлээ шүдээ бүрэн сайн угааж чаддаггүй гэдгийг анхаар.

 

Хооллолт

Таны хүүхдийн шүдний эрүүл байдал ямар хоол хүнс, ямар давтамжтай идэж байгаагаас шууд хамаарна5. Байнга амттан идэх нь шүдний цоорол үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Амны хөндийд чихэрлэг зүйлс удаан хугацаагаар байх нь цоорол үүсэх шалтгаан болдог3. Шүдэн дээр орших нянгууд нь аманд үлдсэн хүнсний зүйлсээр хооллоно. Нянгуудын ялгаруулсан бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд нь шүдний пааланг гэмтээдэг хүчлийг үүсгэдэг. Хоол, амттан идэх хооронд хооронд шүлс нь энэ хүчлийг цэвэрлэдэг.  Гэвч хүүхэд тань байнга амттан идэх юм бол шүлс дангаараа шүдийг цэвэрлэж чдахгүй гэсэн үг.

Хүмүүс чихэр гэхээр зөвхөн чихэр, жигнэмэгийг л боддог. Энэ ташаа ойлголт юм, учир нь бүх хоол хүнсний зүйлд их бага хэмжээгээр чихэр болон хувирдаг нүүрс ус агуулагддаг гэдгийг анхаар.

 

Шүдний эмчийн үзлэг

Шинээр эцэг эх болж буй хүмүүс “ Хүүхдээ хэзээ шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?” гэж их асуудаг. Хүүхдийг нэг нас хүрэх үед анх удаа шүдний эмчид үзүүлэх нь зөв.

Ийм эрт яагаад үзүүлэх хэрэгтэй гэж? гэж ихэнх эцэг эхчүүд гайхдаг. Энэ нь нэг талаар хүүхдийн шүдний цоорлоос эрт сэргийлэх, нөгөө талаар хүүхдэдээ шүдний эмчид үзүүлэх дадал хэвшил суулгаж өгөх зориулалттай. Судалгаагаар6, сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин илүү их байгаа тул эрт оношлуулж урьдчилан сэргийлэх нь чухал юм.

 

Шүд ургах ба унах хугацаа

Хүүхдийн сүүн шүд дунджаар 5-7 сартайд ургаж эхлээд 6-7 насны хооронд унаж байнгын шүдээр солигдож эхэлдэг. Үүнээс өмнө эсвэл хойно ургах унасан ч гэсэн ямар нэгэн эмгэг асуудалтай байна гэж санаа зовох хэрэггүй. Шүдний эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Шүдлэлтэнд нөлөөлдөг олон хүчин зүйлс байх бөгөөд юунаас болж сүүн болон байнгын шүдний ургалтанд саад үүсч байгааг эмч танд хэлж өгөх болно. Байнгын шүдний ургалтанд нэг анхаарах ёстой маш чухал шүд нь эрүүний байнгын нэгдүгээр их араа шүд юм. Хүмүүс байнгын шүд ургахад эхлээд ямар нэгэн сүүн шүд унаад дараа нь байнгын шүд ургах ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл эрүүний нэгдүгээр их араа шүд нь хүүхдийн 6 насны орчимд сүүн шүдний эгнээний ард хоосон орон зайд шүдлэдэг. Иймд энэ насан дээр шүдний эмчид үзүүлж байнгын шүдний ургалтыг хянуулж байх нь чухал. Үүнийг мэдэхгүйгээс ялангуяа монголчуудын хувьд нэгдүгээр их араа шүд хамгийн түрүүнд цоорч хамгийн түрүүнд авхуулах шалтгаан болдог.  

 

Сүүн шүд ба шүдний гажиг

Хүүхдийн шүд солигдлын насанд шүдний гажиг их байна.7 Гажгийн нэг томоохон шалтгаан нь сүүн шүдний шүд цоорох өвчин, шүдээ эрт авхуулах явдал юм. Сүүн шүдний сурвалж нь байнгын шүдний шүдлэлтэнд хөтчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн сүүн шүдний зайг хадгалдаг. Иймд сүүн шүдний цоорол, цоорлын улмаас шүдээ эрт авхуулах нь байнгын шүдний шүдлэлт “төөрч” шүдний эгнээний гажиг үүсэх шалтгаан болдог.

 

Дүгнэлт

 

  1. Хүүхдийн зориулалтын шүдний оо, сойзыг хэрэглэх шаардлагатай.Хүүхдийн шүдний сойз нь хүүхдийг шүд буйлыг гэмтээдэггүй зөөлөн үстэй байдаг. Оо нь фторын агууламж багатай байх тул залгихад аюулгүй. Мөн бариултай шүдний завсрын  утсаар хүүхдэдээ хэрхэн шүдний завсрыг цэвэрлэхийг зааж өгөх.
  2. Ямар хоолыг хэр давтамжтай идэж байгаа нь том нөлөө үзүүлнэ.
  • Хүүхдэдээ эрүүл амттан буюу сүү, цагаан идээ, жимс, ногоо мөн бяслаг
  • Чихэр агуулаагүй эсвэл чихрийн агууламж багатай хүнс хэрэглэж хэвших.
  • Чихэрлэг амттан мөн гурилан бүтээгдхүүнийг махан хоол идэж байх цагт өгөх.
  • Хоолны үеэр мөн хоол идсэнийх нь дараа ус уулгах. Энэ нь шүдэнд наалдсан хоолыг цэвэрлэж өгдөг.
  • Өдрийн турш амттанг аль болох бага идүүлэх.
  • Хүүхэд тань амттан идсэн бол дараа нь шүдийг угаалгах ёстойг мартаж болохгүй. Хэрэв боломжгүй бол усаар хэд хэдэн удаа амыг зайлуулах. Шүд хамгаалах чихэр болон бусад ксилотол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Бохь зажлах бол, чихэргүй бохь сонгож хэрэглээрэй.
  1. Хүүхдийг нэг нас хүрэх үед анх удаа шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй
  2. Шүд өмнө эсвэл хойно ургах унасан ч гэсэн ямар нэгэн эмгэг асуудалтай байна гэж санаа зовох хэрэггүй эмчдээ шалгуул
  3. Сүүн шүдийг эрт авхуулах нь шүдний гажгийн шалтгаан болдог

 

Ашигласан хэвлэл:

 

1.Lalloo R, Jamieson LM, Ha D, Luzzi L. Inequalities in Tooth Decay in Australian Children by Neighbourhood Characteristics and Indigenous Status. J Health Care Poor Underserved. 2016 (1 Suppl):161-77.

2.Liu L, Zhang Y Oral health status among visually impaired schoolchildren in Northeast China BMC Oral Health. 2019 19(1):63

3.Prasai Dixit L, Shakya A, Dental caries prevalence, oral health knowledge and practice among indigenous Chepang school children of Nepal. BMC Oral Health. 2013 13:20

4.Lippert F An introduction to toothpaste - its purpose, history and ingredients. Monogr Oral Sci. 2013; 23:1-14.

5.Mathur VP, Dhillon JK. Dental Caries: A Disease Which Needs Attention Indian J Pediatr. 2018 85(3):202-206

6.Montsame. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай байна https://montsame.mn/mn/read/91920; June 2018

  1. Г.Ганжаргал. Амаа ангайж унтдаг хүн бөгтөр, өвчлөмтгий, хоолойны махтай, өмхий амтай болдог http://surguuli.mn/postview/665; March 2017

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.