Төрсний дараа эхийн бие болоод сэтгэл зүйд гардаг эрс өөрчлөлтүүд
2019-05-01
Төрсөн эхийн эргэн тойрныхон шинэхэн мэндэлсэн хүүхдэд хамаг анхаарлаа хандуулаад ээжийг анзаарахгүй байх хандлага их байдаг. Гэтэл хэн бүхний амархан давахааргүй бие болоод сэтгэл зүйн өөрчлөлтийг ээж ганцаараа даван туулдаг. Тийм учраас ойр дотныхон, гэр бүлийн хүмүүс нь энэ талаар зохих мэдлэгийг авч, өөрчлөлтийг даван туулах явцад нь ээжийг ганцаардуулахгүй байлгах нь чухал юм.
Төрсөн ээжүүдийн өөрчлөлт нөхрийн нүдээр:
  • Сэтгэл хөдлөл нь маш их болсон
  • Огцом сэтгэл хөдлөл нь гэнэт зүгээр болно. Нулимс ч унагадаг болсон
  • Хүүхдийн арчилгаанд хамаг анхаарлаа хандуулсан намайг ядаргаатай гэж үзэж, бухимдсан
  • Ер нь их хүчтэй болсон /инээв /
  • Жижиг сажиг зүйлд их мэдрэг болсон ...... гэх мэт сэтгэгдлүүд зонхилно
Хүүхэд төрсний дараа эхнэрийн тань байр байдалд өөрчлөлт ажиглагдсан уу?
  • 86.1% - ажиглагдсан
  • 13.9% - ажиглагдаагүй
10 сарын турш томорсон бие буцаж хэвэндээ орохын тулд юуг туулдаг вэ?
Төрсний дараах биеийн байдал яг л хүнд өвчин туссан мэт зовиуртай байдаг. Умай буюу сав үлдэгдэл цусаа гадагшлуулахын тулд булчингийн хүчтэй агшилт явагддаг учраас маш их өвддөг. Аарцаг яс тэр чигтээ өвчтэй учраас хүссэнээрээ хөдөлж чадахгүй байдалтай байна. Японы нэгэн уламжлал байдаг. Амаржсан эхийн 21 хоногийн гам гэдэг уламжлалын дагуу төрсний дараах 3 долоо хоногийн турш ээж хүүхдийнхээ арчилгаанаас бусад гэрийн ажил төрлөөс чөлөөлөгдөж, аль болох амарч хэвтэж байх ёстой. Амаржсан эхийн бие галбир буцаж хэвэндээ орох, ялангуяа аарцаг нурууны ясны бүтэц буцаж хэвийн байдалд шилжихэд амралт хамгаас чухал гэдгийг хүмүүс эртнээс мэддэг байжээ.
Ургийн өсөлтийг дэмжих таатай орчинг умайд бий болгохын тулд жирэмсэн эхийн эм гормон болох эстроген, прогестроны шүүрлийн хэмжээ динамикийн дагуу өөрчлөгдөж байдаг. Ойлгомжтойгоор тайлбарлавал, хэвийн эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийн үеэрх гормоны дээд хэмжээ 20 давхар байшинтай дүйцэхүйц гэж үзье. Тэгвэл амаржиж буй эмэгтэйн гормоны дээд хэмжээ 8000 м буюу Эверест оргилтой дүйцэхүйц өндөр байдаг ажээ. Энэ их өндөр гормоны хэмжээ эх хүүхдээ төрүүлсэн даруй, ихэсээр дамжин гадагшилж, огцом буурдаг байна. Энэ нь яг л Эверестээс унаж буй мэт огцом, цочмог үйл явдал эхийн биед явагдана гэсэн үг. Үүнээс үзвэл төрөлт бол эмэгтэй хүнд тохиолддог анхаарч, болгоомжлохуйц, аюултай үйл явдал бөгөөд үүнийг гэр бүл болон дотно хүмүүсийнхээ дэмжлэгээр амжилттай даван туулах бүрэн боломжтой.
Төрсний дараа эмэгтэй хүн ээж гэсэн нэрэн доор сэтгэл зүйн хувьд маш том өөрчлөлтийг даван туулдаг. Өдөрт хүүхдээ 10 гаруй удаа хөхүүлэхээс гадна шөнө бүтэн нойртой хонохгүй сарууд үргэлжилдэг. Хүүхдээ өлгийдөн авсан тэр баяр хөөрт мөчүүд нь бяцхан үрийнхээ үл мэдэгдэх өөрчлөлтийг анзаарахгүй өнгөрөөчихвий хэмээн сэтгэл зовних эмзэг өдрүүдээр солигддог. Тиймээс амаржсны дараах эхний 3 сар бол ээж хүн цор ганцаараа зүтгэх ямар ч боломжгүй хугацаа юм. Ойр дотныхон, халамжит хань, гэр бүлийн гишүүдийн чин сэтгэлийн дэмжлэг энэ л өдрүүдэд хамгаас чухал зүйл шүү.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.