Жирэмсэн үед анхаарах зүйлс: Шингэн дутагдал
2016-05-27


Жирэмсэн болсныхоо дараа бүх л ном, сэтгүүл, интернэтийн хуудас, номын дэлгүүрээр жирэмслэлт, жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөгөө энэ тэрийг хайсан. Гэвч монгол хэл дээрх материалууд тун хомс, байгаа нь хэдхэн төрлийн зөвлөгөө байх юм. Жирэмсэн үед хэвлийгээр базалж өвдвөл, цус гарвал эмчид яаралтай ханд, витаминлаг хоол тэжээл идэж уу гэхээс өөр олигтой зөвлөгөө олдоогүй. Харин Эмпати төвөөс эрхлэн гаргадаг “Ээжээ би таныг сонсож байна” хэмээх ном хамгийн хэрэгтэй ганц зүйл байлаа. Жирмээхэй хүмүүс байвал энэ номыг заавал авч уншаарай. Энэ номноос гадна бидэнд хэрэг болох нэг чухал материал бол блогууд дахь жирмээхэй нарын тэмдэглэлүүд байнаа. “Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг жирэмслэлтийг биеэрээ амсан туулж буй бүсгүйчүүдийн тэмдэглэл, туршлагууд муухан эмчийн зөвлөгөөнөөс хамаагүй дээр санагдсан шүү. Тэгээд би өөртөө тохиолдсон болон интернэтийн www.babycenter.com, www.womenshealthcaretopics.com зэрэг хуудаснаас авсан хэрэгтэй мэдээллүүдийг тавьж байна.

1. Шингэн дутагдал буюу усгүйдэл

Бид жирэмсний хяналтын болон бусад аль ч эмчид үзүүлэхэд “Шингэн юм сайн ууж бай, шингэн дутагдах нь аюултай” гэж бараг хэлэхгүй. Гэтэл шингэн дутагдах нь бөөлжис цутгахаас эхлээд сав агших буюу эмнэлгийн хэллэгээр тонус өгөх, дутуу төрөхийн гол шалтгаан болдог байх юм. Манай эмч нар л хэлдэггүй болохоос биш Өрнөдөд бол жирэмсэн эмэгтэйн бие эвгүйрхэх, тонус өгөх тохиолдолд эмч нар нь юуны өмнө ус сайн уух зөвлөгөө өгдөг юм билээ. Ердийн нөхцөлд ч шингэн дутагдах нь ямар ч насны хүнд аюултай байдаг бол жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү ноцтой үр дагавар авчирдаг байна.

Жирэмсний үед шингэн дутагдахын хор хөнөөл


• Эхийн эрүүл мэндэд хор учруулна. Жирэмсэн эмэгтэй хангалттай хэмжээний шингэн уугаагүйгээс бөөлжис цутгах, өтгөн хатах, цээж гашуу оргих зэрэг наад захын тавгүйтэл болон сав агших, тонус нэмэгдэх, хугацаанаас өмнө дутуу төрөх аюулд хүргэнэ. Ялангуяа жирэмсний хоёр дахь болон гуравдах Триместерт шингэн дутагдал дутуу төрөх шалтгаан болдог байна. (http://www.tummywear.org/dehydration-during-pregnancy.php хуудаснаас дэлгэрүүлж үзнэ үү) Учир нь шингэн дутагдах нь цусны эргэлтийг удаашруулж, окситоцин буюу умайн агшилтыг өдөөгч гормоны түвшинг өндөрсгөдөг, улмаар умай агшиснаар дутуу төрөлтөнд хүргэдэг ажээ. Үүний зэрэгцээ шингэн дутагдал нь биеийн температурыг нэмэгдүүлж, булчин болон шөрмөс татах, биеийн дулааны хэмнэл алдагдахад нөлөөлдөг.

• Хүүхдэд аюултай. Эх нь хангалттай шингэн уугаагүйгээс жирэмсний эхний болон хоёр дахь Триместерт гэдсэн дэх хүүхэд амниотик шингэний дутагдалд орно. Амниотик шингэн бол хүүхдийн амьдрах, өсөх гол орчин билээ. Амниотик шингэн дутагдсанаар хүүхэд усан дотроо хөвөхийн оронд эхийн умайн хананд шахагдах, умайн ханатай шүргэлцэлд орж гар, хөл зэрэг эрхтэн бүрэлдэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн бие махбод, ясжилтад саад учирч түнхний мултрал, дутуу хөгжил зэрэг гажиг үүсэх аюултай.
Шингэн дутагдлын шинж тэмдэг

Жирэмсэн эмэгтэйд дараах шинж илэрвэл бие махбодид шингэн дутагдаж усгүйдэлд орж байна гэж үзнэ. Үүнд:

• Ам цангах. Ямар ч хүний хувьд шингэн дутагдлыг эхний бөгөөд илт мэдэгдэхүйц шинж бол ам цангах явдал байдаг. Ердийн үед ам цангасан тохиолдолд юм уух хүртэл хэсэг хугацаанд тэсвэрлэн явж чадна. Харин жирэмсэн үед ам цангахыг хайхрахгүй өнгөрч болохгүй, аль болох түргэн хугацаанд ус уух хэрэгтэй байдаг аж.

• Шээс үнэртэй, өтгөн болох. Шингэн дутагдлын нэгэн далд шинж бол шээс өтгөн шар өнгөтэй болж үнэртэй гарах явдал юм. Гагцхүү жирэмсний витамин уусны дараах 1-2 удаагийн шээс өтгөн шар гарч болно. Бусад тохиолдолд шээс өтгөн шар байх нь усгүйдлийн шинж билээ. Тийм учраас жирэмсэн эмэгтэйн өөрийн биедээ тавьж байх нэгэн байнгын хяналт бол шээсээ ажиглах явдал юм. Хангалттай шингэн ууж байгаа тохиолдолд шээс бараг өнгөгүй шахам тунгалаг байх бөгөөд хурц үнэргүй байдаг. Жирэмсэн үед умай томорч давсаг дарагддагийн улмаас ойр ойрхон шээхэд хүрдгээс хүмүүс шингэнээ хязгаарлах, ялангуяа унтахын өмнө шингэн юм уухгүй байх зэрэг “өөрийн арга хэмжээ” авдаг, тэр ч байтугай зарим ном материал дээр жирэмсэн хүн шингэн юм их уух нь хавагнахад хүргэдэг гэж зөвлөсөн байдаг нь харамсалтай. Харин ч шөнийн турш буюу 8-10 цагийн турш унтах үед бие махбод болон хүүхэд усаар дутагдахаас хамгаалж шингэн зүйл сайн уух хэрэгтэй юм.

• Толгой эргэх. Шингэн дутагдсаны улмаас толгой эргэдэг гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй тул толгой эргэхийг даралт ихсэх юмуу багасах, цус багадасны шинж гэж “оношилдог” билээ. Гэтэл шингэн дутагдсаны улмаас жирэмсэн эмэгтэйн толгой эргэх юмуу өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.

• Ам, уруул хатах, хамар хуурайсах

• Ядрах, тамирдах

• Арьс хуурайших, уян хатан байдлаа алдах

Хэрэв танд эдгээр шинжүүд бүхэлдээ юмуу аль нэг нь илэрч байгаа тохиолдолд шингэн дутагдалд орсон байна гэж үзэж болно. Ердийн хүнтэй харьцуулахад шингэн дутагдал нь жирэмсэн эмэгтэйн бие махбод, гэдсэн хүүхдэд ахар богино хугацаанд хор хөнөөл авчрах аюултай байдаг. Шингэн дутагдлыг нөхөх, шингэн дутагдахаас сэргийлэх гол арга бол хангалттай хэмжээний ус уух явдал юм. Хүний биеийн 50-60, цусны 83, булчингийн 75, уураг тархины 70, уушгины 90 хувь нь уснаас бүрддэг тул усгүйгээр амьд бие махбод орших боломжгүй билээ.

Шингэн дутагдахаас сэргийлэх нь

• Гол арга бол ус хангалттай ихээр уух. Америкийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр жирэмсэн эмэгтэй цаг тутамд нэг аяга усыг өөртөө зориулж, мөн нэг аяга усыг хүүхэддээ зориулж ууж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл тогтмол байнга ус ууж байх нь зүйтэй. Тэрнээс биш ус уухгүй удсаны дараа гэнэт их хэмжээний ус уух нь зохисгүй. Учир нь бие махбод гэнэт орж ирсэн их шингэнийг шингээж чаддаггүй шээсээр гаргахад хүрдэг байна. Хол зайтай их ус уух биш, байнга бага багаар ууснаар шингэн дутлаас сэргийлж чадна.

• Халуун дулааны улиралд хэвийн хэмжээнээс илүү их шингэн алддаг тул зуны цагт жирэмсэн байгаа эхчүүд ууж байгаа шингэний хэмжэээнд илүү анхааралтай байх ёстой. Хөлсөөр болон биеийн арьсаар ихээхэн шингэн алддаг боловч хүнд өөрт нь төдий л мэдэгддэггүй байна. Тиймээс зуны цагт их ус уу.

• Машин, онгоц зэрэг битүү унаанд олон цагаар явахад агаар нь их хуурайссан байдаг тул шингэн дутагдалд илүү хурдан ордог байна. Иймээс битүү унаанд явах тохиолдолд хангалттай хэмжээний усыг биедээ авч явах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд жирмээхэй бүсгүйчүүд минь хаана ч явсан цэвэр ус тэврээстэй байхыг хичээгээрэй. Хэдийгээр шингэн гэж тооцоогддог ч жимсний шүүс, цай зэрэг нь ямар ч үед усыг орлодоггүй гэнэ лээ. Тэгээд ч Монголд орж ирсэн юмуу хийж байгаа жимсний шүүс 100 хувийн органик биш, хадгалалтын нэмэлт бодис буюу консервант ихтэй, чихэр, өнгө оруулагч нь дэндсэн байдаг тул уснаас өөр сонголт бидэнд алга байнаа.

Эх сурвалж : http://beleg.blog.gogo.mn/

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.