Живх
2016-05-23
Хүүхдийн бөгсийг үргэлж цэвэрхэн байлгая

Живхийг цаг үргэлж солих нь хүүхдийн зөөлөн арьсыг хамгаалахад чухал үүрэгтэй юм.
Хүүхдийн шингэн болон өтгөнөөр эрүүл мэндийг нь мэдэж болдог тул сайн шалгаж байх шаардлагатай.

Живх солих нь хүүхэдтэйгээ идэвхтэй харилцах бас нэгэн мөч болдог.
"Цэвэрхэн болчихлоо", "Сайхан байгаа биз" гэх мэтээр хүүхэдтэйгээ ярилцаарай. 

Хүүхдийн шингэн болон өтгөн

Хүүхдийн өсөлттэй уялдан өөрчлөгддөг.

Шээс

Нярай үед олон давтамжтайгаар шээнэ. 
Давсагны хэмжээ жижиг, шээхийг хянадаг мэдрэл хараахан хөгжөөгүй байдаг учраас нярай нь өдөрт 15-20 удаа шээдэг.
Хүүхэд өсөхийн хэрээр аажмаар шээс нь цуглардаг болж шээх давтамж нь цөөрдөг. Хүүхэд хүүхдээсээ шалтгаалан өөр байдаг боловч нэг ойтой болоход өдөрт 10 орчим удаа шээдэг болдог. Шөнөдөө шээхгүй байх өдрүүд ч нэмэгддэг.

Өтгөн

Төрсний дараах хэдэн өдөр хар ногоон баас гарна.

Бага сартай үед шар, бор өнгөтэй шингэн байдаг бөгөөд давтамж ихтэй байвал хэвийн гэсэн үг. Хөхөө хөхөх, угжих бүр бааж байвал хэвийн.
Хүүхдийн өсөлттэй уялдан аажмаар баас нь өтгөрч давтамж нь ч цөөрдөг. Нэмэлт хоолонд орох үед өнгө болон үнэр нь том хүнийхтэй ойролцоо болно.

Санаа зовох өтгөн - Улаан, Хүрэн, Цагаан өнгөтэй

Живхийг авч явж хүүхдийн эмчид үзүүлээрэй.

Эрүүл шээс - цайвар шар өнгөтэй

Зуны цагт шээсний өнгө тодордог боловч ааш сайтай, хоолны дуршил хэвийн бол санаа зовох шаардлагагүй.

Доорх тохиолдлуудад эмчид хандаарай

-        Хүүхдийн шээс ягаан өнгөтэй болох
-        Живхэнд идээ наалдсан байх
-        Шээх үедээ уйлах
-        Хүүхдийн шээх хэмжээ, давтамж илт цөөрөх


Эрүүл өтгөн - шар, бор, ногоон өнгөтэй

Ногоон:
Баасанд агуулагдсан цөсний хүчил исэлдсэнээр өнгө нь өөрчлөгдөн ногоон болдог. Хөхүүл үед, ялангуяа бага сартайд их үзэгддэг учираас санаа зовох асуудалгүй.

Цагаан нунтаг холилдсон:
Хөхний сүү болон нэмэлт сүү шингэх явцад бөөгнөрсөн зүйл учираас санаа зовох хэрэггүй.

Идсэн зүйл хэвээрээ гарч ирэх:
Идсэн хоол бүрэн боловсруулагдаагүй гарч ирэх тохиолдол байх ба санаа зовох асуудалгүй. Хоол боловсруулах үйл ажиллагаа бүрэн боловсроход аяндаа харагдахаа болино.

Өтгөн хаталт болон суулгалт болох үед
Өтгөн хаталт

Дараах байдал илэрвэл өтгөн хаталт болсон байж мэднэ.

-        Жирийн үеийнхээс цөөн удаа, хатуу баас гаргах
-        Баах үедээ хүндрэлтэйгээр гаргах
-        Өдөр бүр гарах ч жижиг жижиг хоргол гаргах

Өдөр бүр гаргахгүй ч хүүхэд ааш сайтай байх, өтгөн чөлөөтэй гарч байвал санаа зовох асуудалгүй

Өтгөн хаталт удаан үргэлжилбэл хүүхэд ууртай болж, хоолны дуршил буурдаг. Улмаар хатуурч өтгөн хатдаг. Өтгөн хатсан үед баасыг гаргах арчилгаа хийж өгөх хэрэгтэй.

 

Өтгөн хаталтаас сэргийлэх:

-        Шингэн сайн өгөх
-        Нэмэлт хоолонд ислэг ихээр агуулагдах бүтээгдэхүүн сонгон хэрэглэх. Хүнсний ислэг нь гэдсэн доторх усыг шингээж баасны хатуу хэсгийг зөөлрүүлдэг.
-        Гэдэсний массаж хийж өгөх.
Гарын алгаараа гэдэсний голыг төв болгон тойрог хэлбэрээр цагийн зүүний дагуу массаж хийж өгөх.
-        Хөвөнтэй модны үзүүрт хүүхдийн тос түрхэж бөгсний нүхрүү 1см орчим хийж хөнгөн эргүүлж өгнө.  

Суулгалт:

Ууж идсэн зүйлийг бүрэн боловсруулж чадахгүй шууд гаргахыг суулгалт гэнэ.
-        Жирийн үетэй харьцуулахад илт усархаг шингэн баас байх.
-        Нэлээд ойр ойрхон давтамж ихтэй байх.

Хааяа шингэн баас гарах нь суулгалт биш юм. Жимсний шүүс өгч эхэлсэн үе болон нэмэлт хоол шинээр идүүлсний дараа баас шингэн болдог үе байдаг. 
Бага хэмжээгээр суулгах үе байдаг. Ааш сайтай, хоолны дуршил буураагүй үед ажиглаад байж болно. 
Халуурах болон бөөлжих хосолсон үед, хүүхэд сульдаа байх үед хүүхдийн эмчид үзүүлээрэй.

Суулгалттай үеийн асаргаа: 
-    Шингэн алдалтаас сэргийлэх. 
Бүлээн ус болон цай, хүүхдэд зориулагдсан ундаа зэргийг бага багаар олон удаа өгнө.
-    Нэмэлт хоолыг хүчээр өгч болохгүй.
Нэмэлт хоолонд дургүй байх үед нь хүчээр өгөлгүй, шингэц сайтай будааны шүүс зэргийг өөрөө хүсвэл өгнө.
-    Хөхний сүү болон нэмэлт сүүг урьдын хэвээр үргэлжлүүлэн өгнө. 
-    Хүүхдийн живхийг олон удаа солих
Суулгалтын үед живхний харшилтай болох магадлал өндөр байдаг тул анхаарах шаардлагатай. Шүршүүрт угааж өгч байх хэрэгтэй.

Ихээр суулгах болон удаан хугацаагаар суулгах тохиолдолд эмчийн зааврыг дагаарай.
 

Живхийг байнга сольж өгөх
Бохирдсон үед живхийг солих

Цаасан живх ус шингээх, хадгалахдаа сайн ч баас болон шээс нь арьсыг гэмтээдэг.
Бохирдсон живхийг удаан хугацаагаар өмсүүлбэл тууралт гарах шалтгаан болдог.

Хүүхдийн бөгсийг арчих арга эрэгтэй, эмэгтэй хүүхдэд өөр өөр байдаг

Эрэгтэй хүүхдийн боожгойн ар хэсгийг сайтар арчих.

Эмэгтэй хүүхдийг нянгийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд урд талаас нь ар талруу арчих.

 Живх солих арга

Хүүхдийн хөлийг хүчээр татаж болохгүй:

Хүүхдийн төвөнх мултрах эрсдэлтэй учраас бөгсөн доор нь гараа оруулан өргөх хэрэгтэй.

Живхийг хурдан солих

Нойтон сальфетка болон шинэ живхийг гарын доор бэлдсэнийхээ дараа живхийг солих. Живх солих үедээ хүүхдэдээ саатуулах тоглоомыг бариулаарай.

 



Хүүхэд юм түшиж зогсдог болсон үед зогсоо чигээр нь живх солих:

Хөдөлж сураад хүүхэд дээш харуулан хэвтүүлэхэд дургүй болдог хүүхэд байдаг. Хүчээр хэвтүүлэхэд зөв өмсүүлж чадахгүй үе байдаг. Зогсоож байгаад сольж өгч болно.

Живхний тууралт гэж юу вэ?

Живх зүүсэн хэсэгт улайлт үүсч, бижрүүтэх нь живхний тууралт юм.

Живх үрэгдэх, агаар нэвтрэхгүй байх, шээс баасанд түлэгдэх зэрэг шалтгаантай. 
Живхний тууралтаас урьдчилан сэргийлж болно. Дараах зүйлүүдийг анхаараарай.

1. Ойр ойрхон  живхийг сольж, бөгсийг цэвэр байлгах. 
2. Живх солих бүрдээ бөгсийг арчих зэрэг бохирдлыг цэвэрлэж өгөх
3. Арчаад дараа сайн хатаах
4. Өдөр бүр усанд оруулах. Усанд оруулаагүй үедээ бөгсөн биеийг угааж өгөх.
5. Даавуун живхийг сайтар угааж нарны гэрэлд сайн хатаах.

Живхний тууралт гарсан үед сайтар угааж цэвэрлэж өгөх хэрэгтэй. 
Удаан хугацаанд эдгэрэхгүй шархалсан үед живхний тууралттай ижил шинж тэмдэгтэй арьсны үрэвсэл болсон байх магадлалтай тул хүүхдийн арьсны эмчид үзүүлээрэй.

Хүүхдийн суултуурт суулгаж сургах

Хүүхдийг суултуурт суулгаж эхлэхэд хүүхдийн бие болон сэтгэл санааны бэлтгэл хэрэгтэй.

Суултуурт суулгаж эхэлсэн гээд живхийг шууд болих хэрэггүй. Хүүхдийг суултуурт суулгаж сургахад тархи мэдрэлийн систем хөгжсөн, бие сэтгэлийн бэлтгэлтэй болсон байх хэрэгтэй. Бэлтгэгдээгүй үед эхлэх нь сайн үр дүнд хүрэхгүй.

Суултуурт суулгаж эхлэх
-        Чөлөөтэй алхаж, суултуурт сууж сурсан байх.
-        Шээе, баая гэж үгээр илэрхийлж сурсан байх.
-        Шээх хугацаа 2 цагаас дээш зайтай болох /2 цагаас дээш хугацаанд давсганд шээс хуралддаг болох/

Хүүхэд хүүхдээсээ шалтгаалан бэлэн болох хугацаа нь харилцан адилгүй байдаг. Бусадтай харьцуулалгүй яаралгүй цаг хугацааг хүлээх хэрэгтэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.