Нэмэлт хоол
2016-05-22
Хүүхдийн нэмэлт хоол гэж юу вэ?

Хөхний сүү болон нэмэлт сүүнээс гадна хүүхдийг идэх зүйлд дасгаж, хооллолтоор нэмэлт шим тэжээл өгөх үйл явцыг нэмэлт хоолонд оруулах гэнэ.

Хөхөө хөхөх болон өтгөн зүйлийг идэх амны хөдөлгөөнүүд өөр өөр учир дасгал зайлшгүй хэрэгтэй. Эхлээд шингэвтэр шөлнөөс эхлэж бага багаар өтгөрүүлэн аажмаар хэлбэртэй зүйлийг идүүлж сургана. 5,6 сартайгаас ойролцоогоор 1 нас хүртэл хугацаанд хүүхдийнхээ хооллолтын байдлыг ажиглангаа хэмжээ болон орцыг нэмэгдүүлж дасгаж хооллоно. 

Нэмэлт хоолонд оруулахад анхаарах зүйлс

Хөхөө хөхөх нь төрөлхийн чадвар байдаг бол “Идэх” гэсэн амны хөдөлгөөнийг дасгал хийж байж сурдаг.
Нэмэлт хоолонд сайн оруулахын тулд хүүхдийн амны хөдөлгөөний хөгжлийг судлан “идэх” хөдөлгөөнийг нь дэмжиж өгөх нь чухал.
Зөвхөн идэж байвал болоо, залгиж байвал болоо гэж бодож болохгүй. Хүүхдийн өсөлт, амны хөдөлгөөний хөгжилд тааруулан өтгөн, шингэн, том, жижгийг тохируулан өгөх шаардлагатай.

Хүүхдэдээ тохируулан хооллоно

Том хүнд хоолны дуршил болон хоолны хэмжээ өөр байдаг шиг хүүхдэд өгөх нэмэлт хоолыг хүүхэд тус бүрд тохируулан өгнө.
Хурдан ахиц гарвал сайн гэсэн үг биш юм. Хүүхэд хэдэн сартай байхаас шалтгаалахгүй.
Хүүхдийнхээ байдлыг сайн ажиглан хүүхдэдээ тохируулан дараа дараагийн шат уруу ахих нь чухал.

Хөгжилтэй байдлаар “идэх”-ийг зааж өгөх

Нэмэлт хоолонд ороод эхлэхээр хүүхдийн идэх хэмжээ санаа зовоосон асуудал болдог.
Цаг зав гарган хийж өгсөн нэмэлт хоолыг хүүхэд идэхгүй бол ээжид ч бас хэцүү.
Гэвч идүүлэх гэж тэвдэж, хүчээр идүүлж болохгүй. Хүүхдэд “идэх” гэдэг нь хөгжилтэй сайхан гэж бодогдуулахаар хооллох цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөгөөрэй.

Нэмэлт хоолны онцлог

Томчуудын хоолноос хүүхдийн хоол олон талаараа ялгаатай байдаг. Хүүхдийн өсөлтөд тохирсон нэмэлт хоолыг өдөр бүр хийж бэлтгэнэ гэдэг нь маш их хөдөлмөр шаарддаг.
Нэг дор хийж хөлдөөх эсвэл хүүхдийн хоол хийдэг тусгай зориулалтын сав ашиглах, амархан хялбар нэмэлт хоол хийх аргад суралцах зэрэг.

Гар доорх материалаас цэсээ өргөжүүлж хүүхдийн хоол хийх нь ч ажиллагаа ихтэй байдаг. Мөн өтгөн, шингэн, их, багыг ч тохируулах хэрэгтэй. 

  • Эрүүл ахуй : 
    Хүүхдийн гэдэс, ходоод маш эмзэг байдаг. Шинэ хоолны материал сонгож, буцалгаж болгосон хоол идүүлэх нь чухал. Юун түрүүнд гараа угаах болон хоол бэлтгэх хэрэгсэл, савыг сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй.
  • Өтгөн, шингэн, их, бага
    Хүүхэд нэмэлт хоол идэнгээ хэл, буйл, эрүүгээ ашиглан идэх зүйлийг бутлахад суралцдаг. Амны хөдөлгөөний хөгжлийн шатанд тохируулж хооллох нь чухал.
  • Амтлах
    Түүхий эдийн үндсэн амтыг аль болох алдуулахгүй байж, үндсэн амтыг хадгалсан хоолыг өгнө. Хүүхдийн гүйцэд боловсроогүй бөөрөнд ачаалал өгөхгүй байхын тулд анхнаас нь давсгүй, сул амттай хоол өгч эхэлнэ.
  • Хэмжээ болон давтамж
    Өдөрт нэг удаа нэг амны халбагыг өгч эхэлнэ. Хүүхдийнхээ байдлыг харж бага багаар хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Шим тэжээл
    Нэмэлт хоолонд дасган өдөрт 2 удаа өгч эхлэх үедээ төрөл бүрийн амтыг мэдрүүлэхийн тулд материалынхаа төрлийг нэмэгдүүлж эхэлнэ. Улмаар нэмэлт хоолны төрөл нэмэгдэхийн хэрээр өдөрт авах шим тэжээлийг тэнцвэртэйгээр өгөх цэсээ өөрчлөх хэрэгтэй.
  • Хөхний сүү болон нэмэлт сүүг бага багаар цөөрүүлнэ.  
Нэмэлт хоолонд оруулах заалт

5,6 сартай болох үед дараах байдлууд хүүхдэд ажиглагдаж байвал нэмэлт хоол өгч болно гэсэн дохио болдог. 
-        Хүүхэд толгойгоо сайн даадаг болсон.
-        Хүүхдийг тулж өгөхөд сууж чаддаг болсон.
-        Эргэн тойрны хүмүүс хоол идэж байхад анхааралтай харах, идэхийг хүсэж байгаа байдал гаргах, идэх зүйлд сонирхолтой байх зэрэг ажиглагдах.
-        Халбага зэргийг аманд нь хийхэд хэлээрээ түлхэх нь багасах

Нэмэлт хоол өгч эхлэхдээ хүүхдийнхээ сайхан ааштай үе болон ээж завтай байх үеийг сонгоорой.

5, 6 сартай үе

Халбага болон хөхний сүү, нэмэлт сүүнээс өөр зүйлд дасгах үе.
Шингэн хүүхдийн будаанаас 1 халбагыг өгч эхэлнэ. Нэг сар орчим дасгасны дараа өдөрт 2 удаа болгоно.

Онцлог:  Эхэн үедээ сүүгээ хөхөж байгаа юм шиг амаа ангайсан чигтэй байх учраас хоолоо асгаж иднэ. Аажим аажмаар уруулаа хааж залгидаг болно.
Амны хөдөлгөөн:  Хэл нь урагш, хойш л хөдөлнө. Хэлээрээ амныхаа уг уруу зөөж залгина.
Өтгөн, шингэн: Зөөлөн, нухсан нухаш маягийн /өтгөвтөр шөл/

7, 8 сартай үе

Хэлээрээ бутлахыг сурах үе.
Өдөрт 2 удаа нэмэлт хоол идэх хэмнэл тогтсон байна. Материалын төрөл өргөжиж янз бүрийн амт амталж үзэх.

Онцлог:  Амны уг хүртэл халбагаа хийвэл бутлахгүйгээр залгичихна. Хоолоо халбаганы урд хэсэгт тавьж, уруулаар нь үмхэж авахуулна. 
Амны хөдөлгөөн:  Хэлээ урагш, хойш хөдөлгөхөөс гадна дээш, доош хөдөлгөж дээд эрүү болон хэлээрээ буталж сурсан байна.
Өтгөн, шингэн:  Хуруугаараа чимхэхэд амархан бутрахаар байх. / Дүпү г.м /

9-11 сартай үе

Буйлаараа хазахыг сурах үе.
Өглөө, өдөр, орой 3 удаа хооллох хэмнэлтэй болно. Гараараа барьж тоглонгоо идэж эхэлнэ.

Онцлог:  Өтгөн, шингэн, их, бага нь таараагүй бол шууд залгина. Сайн зажилж чадахгүй бол өтгөн, шингэн, их, багыг нь өөрчилж өгөх хэрэгтэй.
Амны хөдөлгөөн:  Хэл нь урагш, хойш, дээш, доош хөдлөхөөс гадна баруун зүүн тийш хөдөлж, буйлаараа буталж сурсан байна.
Өтгөн, шингэн:  Хуруугаараа чимхэн бага зэрэг хүчээр бутлагдахуйц байх. /Банана/ 

12-18 сартай үе

Хатуу зүйлийг сайн идэж чаддаг болно.
Өдрийн 3 хоолон дээр завсрын хоол нэмэгдэнэ. Шим тэжээлийн ихэнх хэсгийг хоолноосоо авдаг болсон байна. Өдөрт авах шим тэжээлийн тэнцвэрийг бодох хэрэгтэй.

Онцлог:  Гараар барьж идэх боломжтой хоолны материалыг том хэмжээтэй хэрчиж болгосноор хүүхдэд гараараа барьж, урд шүдээрээ хазаж идэх дасгал болдог. Үүнийг сурсны дараагаар өөрөө халбага барин хоолоо идэх дасгалыг эхлүүлнэ.
Амны хөдөлгөөн:  Хэл нь чөлөөтэй хөдөлж, шүд болон буйлаараа хазаж буталж сурсан байна.
Хатуу, зөөлөн:  Хуруугаараа барин хүчтэй дарахад бутрахаар байх. /Бөөрөнхий мах/

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.