Мөлхөө үе /8-11 сартай хүүхэд/
2016-05-17
Бие бялдар

Тогтвортой сууж сурсан байна. Энэ үеэс мөлхөж эхэлнэ.

Нуруу болон бүсэлхий хэсэг сайн бэхэжсэн байх ба тогтвортой сууж сурсан байна.

Суугаагаараа эргэж харсан ч унахгүй. Энэ үеэс эхлэн суугаа байдлаас урагш дөрвөн хөллөж, доош харж хэвтэж байхдаа урагшаа мөлхөж эхэлнэ. Эхэн үедээ урагш мөлхөж чадахгүй ухрах, гэдсээрээ урагш мөлхөж эхэлдэг ч аажим аажмаар сайжирдаг. Зарим хүүхэд өвдөгөө газар хүргэлгүй мөлхөх, суугаа чигтээ бөгсөө чирч мөлхөх зэрэг төрөл бүрээр мөлхөж эхэлдэг. Мөн мөлхөлгүй шууд зогсож сурдаг хүүхэд ч байдаг ба санаа зовох асуудалгүй.

 
Юмнаас барьж зогсох, юм түшиж алхаж эхэлдэг

10 сартай үеэс эхлэн сандал зэргийг түшиж, зогсож сурч эхэлдэг. Улмаар юмнаас барьж зогсонгоо хөлөө зөөж юм түшиж алхаж сурдаг.

11 сартай үеэс эхлэн юмнаас барин өөрөө зогсож сурдаг. 
Энэ үед суух, мөлхөх, зогсох зэрэг хүүхдийн өсөлт, өөрчлөлт нүдний өмнө явагдана.
Хоёр гар болон хуруугаа чадварлагаар ашиглаж сурсан байна

Тогтвортой сайн сууж сурсан үе учраас хоёр гараа чөлөөтэй ашигладаг болсон байна. 
Хоёр гартаа барьсан угсардаг тоглоомоо нийлүүлж, нэг гараасаа нөгөө гарлуугаа шилжүүлж чадна. Эрхий хуруугаа ч сайн ашиглаж, хуруунуудаа чадварлаг удирдаж чаддаг болсон байна. 
9 сартай үеэс эхлэн маш жижиг юмыг ч сайн барьдаг болсон байна.



Амьдралын хэв маяг

Өдөрт 3 удаа нэмэлт хоол иддэг болсон байна. Гараагаа барингаа, тоглонгоо иднэ.

9 сартай үедээ шингэн болон өтгөн хоол, унд аль алиныг идэж сурсан байна.
Өглөө, өдөр, орой буюу өдөрт 3 удаа нэмэлт хоол идэж болно. Халбагаа барих гэж оролдох, идэх юмруу гараа сунгах зэрэг зүйлс ажиглагдана. Хүүхэддээ гараар барьж идэж болох хоол бэлтгэж өгч болно. Идэх зүйлийг гараараа барьж тоглонгоо базаж иднэ. Ээжид хэцүү байх боловч ингэх нь хүүхдийн өсөлтөд чухал юм шүү. Асгаж бохирдуулахыг эс тоон өөрөө идэж сурах оролдлогыг нь хөгжүүлж өгөх хэрэгтэй. Нэмэлт хоолны орц хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ аажим аажмаар хөхөө идэх нь багасаж эхэлнэ. Мөн аягаар болон соруулаар ууж сурч эхэлнэ.

Бие бялдар

Юм бүрийг сониучирхах бөгөөд нүд салгалгүй харах үе

Мөлхөх болон юм түшиж алхаж эхлээд өөрийн хүрч чадах юм бүрийг сониучирхана. Шургуулга нээж хаах, тавиур  дээрх юмруу гараа сунгах, сальфетка татаж гаргах зэрэг огт санаанд ороогүй зүйл рүү гар хүрч унагах учир анхааралгүй орхиж болохгүй. Дээрээсээ юм унагах, түлэгдэх, хаалганд гараа хавчуулах зэрэг ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн юм бүрийг амандаа хийж үзэх учир залгихаас сэргийлэх хэрэгтэй.


Сүүн шүд ургаж эхэлнэ  

Хүүхэд тус бүрээс шалтгаалан сүүн шүд ургах хугацаа өөр өөр байдаг ч 6-7 сартай үеэс эхлэн доод 2 үүдэн шүд ургаж, 10 сартай үед дээд, доод 2 үүдэн шүд хос хосоороо ургасан байх болно. 

Шүд цухуйх үеэс эхлэн шүлс гоожих нь ихсэж, тоглоомоо хазах зэрэг буйл нь загатнаж байгаа шинж ажиглагдана. Шүд ургаж эхлэхээр нь шүд угаахад дасгаж эхлээрэй. Эхлээд шүдний сойзыг аманд хийхэд дасгана. Өвтгөх, дургүй байхад нь хүчээр угаавал шүдээ угаахад дургүй болдог. Хүүхдийн аманд тохирсон сойзоор, хүүхдийн амыг амарч болохоор хэмнэлээр шүдийг нь угааж өгөөрэй. Бариулсан ч аюулгүй байх сойзыг сонгон хэрэглүүлээрэй.

 

Сэтгэл санаа

Хүн таньдаг болж дагах

Хүн таньж, бишүүрхэх нь ихсэх үе. Мөлхөж сураад хүний араас дагаж мөлхдөг болно. Ээж, Аавынхаа араас дагаж аав, ээжийгээ харагдахгүй болох төдийд уйлдаг болно. Ээж тайван бие засаж ч чадахгүй үе байх боловч ээжийгээ дагах болон хүнээс бишүүрхэх нь ч ээждээ хайртайн илэрхийлэл болдог. Хүүхдээ тэвэрч тайтгаруулж өгөөрэй

 
Мөлхөх” зэрэг өхөөрдөм үе

10-11 сартай үедээ алга таших, мөлхөх, сайн уу гэх зэрэг хөдөлгөөн хийж чадахуйц болсон байна. Хүүхэд өөрийнхөө нэрийг мэддэг болсон байх ба нэрээр нь дуудахад гараа савчих зэрэг хөдөлгөөн хийдэг болсон байна. Магтахад баярласнаа царайгаараа илэрхийлэх зэрэг хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөхөөр болсон байна. Хөгжим дуугарахад хэмнэлд нь тааруулан биеэ хөдөлгөх зэрэг хамт тоглоход улам өхөөрдөм болсон үе.
Аливаа юмыг таньж эхлэх үе

Сонирхсон зүйлээ хуруугаараа зааж илэрхийлэхүйц болно. Хүүхдийнхээ хуруугаараа заасан зүйлийг хараад /- Аан нохой байна тийм ээ/ гэх мэт яриа өрнүүлэх нь хэлд орох үндэс нь болдог. Үгийн утгыг ойлгож эхэлнэ. /-Ээж нь хаана байна?/ гэж асуухад ээжийнхээ зүг харах, болохгүй гэж хэлэхэд гараа буцаан татах зэргээр харилцагчтайгаа харьцаж сурсан байна.
 

Хүүхдийн шулганаан ихэснэ

/аа-аа, үү-үү/ гэх зэрэг үсгээр дуугардаг байсан нь /эд /ээд/, /ав/ гэх зэрэг үгтэй ойролцоогоор шулганадаг болно. /авав ав/ гэх мэт үргэлжилсэн дуу авиа гаргаж чадна. Хүүхдийн шулганаан нь хүүхэд ярьж сурах дасгал болдог. Хүүхдээ дуугарахад адилхан дуугарч хүүхэдтэйгээ харилцах нь маш чухал.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.