Суух болон Эргэж чаддаг болсон үе (5-7 сартай хүүхэд)
2016-05-17
Бие бялдар
Эргэж, өнхөрч эхэлнэ

Дээшээ харан хөлөө өргөж, хөлөө барихаар оролддог болсон үеэс эхлэн эргэж эхэлнэ. Дээшээ харж байхдаа хажуу тийшээгээ эргэж чадах ч доошоо харж байхдаа буцаж эргэж сураагүй байна.

Хэд хэдэн удаа давтсаны дараа сайн эргэж сурдаг. Хүнд жинтэй хүүхэд эргэж чадахгүй байх тохиолдол байх ба гар хөлөө чөлөөтэй хөдөлгөж байвал санаа зовох асуудалгүй.

Аажим аажмаар сууж сурна

Эргэж сурсны дараа гар, хөл болон нурууны яс бэхжээд ирэхээр аажим аажмаар суудаг болдог.
5-6 сартай үед хүүхдийг суулгахад гараараа шаланд тулж, нурууны яс бэхжээгүйн улмаас налуу чиглэлтэй тогтворгүй байдаг ба урагш, хойш унах нь их байдаг. 7 сар өнгөрөхөд тулах зүйлгүй байсан ч сууж чаддаг болсон байх ба 2 гараа чөлөөтэй хөдөлгөж чадна. Харах хүрээ нь өргөжиж, доош харж хэвтэнгээ хөдөлж сурч, хүүхдийн ертөнц өргөжсөөр байх болно.

 

Харсан зүйлрүүгээ гараа сунган авахыг хүснэ

Гараа сайн ашиглаж сурна. Эрхий хуруунаас бусад 4 хуруу болон алгаараа юмыг хавчин барьж чадахуйц болдог. Сонирхсон зүйлээ авч амандаа хийж шалгадаг болно. Нүд болон гараа хослуулан хөдөлгөж сурна.

Амьдралын хэв маяг

Нэмэлт хоолонд орж эхэлнэ

5-6 сартай үеэс нэмэлт хоолонд оруулж эхэлнэ. Өдөрт нэг удаа хооллохоос эхлэн бага багаар дасгаж оруулна. Дургүйцэхгүй байвал хэмжээ болон орцыг /ногоо, дүпү зэргээр/ нэмж өгөөрэй. Нэмэлт хоолонд орсноос хойш нэг сар орчмын дараагаас хүүхдээ ажиглангаа өдөрт 2 удаа нэмэлт хоолыг өгнө. Нэмэлт хоол өгч эхлэхтэй зэрэгцэн хөхөө хүүхдийн хүссэн хэмжээгээр хөхүүлээрэй.

 

Хөнгөн ханиад зэрэг өвчин тусч эхэлнэ

Эхийн ихсээр дамжуулан авсан биеийн эсэргүүцэл дархлаа нь энэ үед дуусч эхэлнэ. Гадагш салхилуулах нь ч ихсэх учир ханиад зэрэг халдварт өвчин тусахдаа амархан байдаг. 

Эргэж сурсан байдаг учраас хүүхдийн ор болон буйдангаас унах магадлал ихэсдэг. 
6-7 сартай үед хүүхдийн цахиур цухуйж эхэлнэ.

Оройдоо уйлдаг болно

Өдөрт ихэвчлэн 2 удаа унтдаг болох ба амьдралын хэмнэлд орж эхэлсэнтэй зэрэгцэн оройдоо уйлдаг болно. 5,6 сартайгаас 10 сартай болох хүртэл унтаж байгаад орой, шөнө гэнэт уйлах оргил үе гэж яригддаг. Тухайн хүүхдээсээ шалтгаалан огт уйлдаггүй хүүхэд ч байдаг. 
Өдрийн ядаргаа, сонирхол, зүүд гэх мэт төрөл бүрийн шалтгаантай байдаг ч тогтсон тодорхой шалтгаан батлагдаагүй байн.
 
Сэтгэл санаа

Мэдрэмж, хэрэгцээгээ тодорхой илэрхийлж чаддаг болно

Ээжийгээ байхгүй үед гуниглаж уйлагнан, дуу гаргаж дууддаг болно. Тэврүүлмээр, авахуулмаар үедээ дуу гаргаж илэрхийлдэг болно.

Санах ой болон анхаарал төвлөрүүлэх чадвартай болж, дуу гаргахад ээж нь хүрч ирдэг гэдгийг мэддэг болж, өөрийнхөө санаснаар зорилготойгоор дуу гаргадаг болно.

 

Хүмүүсийг таньж эхэлнэ

Ой тогтоолт нь сайжрахын зэрэгцээ аав, ээж зэрэг ойр байдаг хүмүүстэйгээ дотно байхаас гадна, гадны хүмүүсийг ялгаж таньж эхэлдэг.

Хүнийг ялгаж таньж эхэлсэн хүүхэд танихгүй хүн хараад удаан ширтэх эсвэл уйлдаг. Тухайн хүүхдээсээ шалтгаалан танихгүй хүн хараад тоохгүй хүүхэд ч байдаг бол чанга уйлдаг хүүхэд ч байдаг. Танихгүй хүнээс бишүүрхэх нь удаан хугацаанд, нэг хэсэг хугацаанд, хурдан дасах зэрэг хүүхэд бүр харилцан адилгүй байдаг. 

Нүүрээ нууж тоглоход баярладаг

Ой тогтоолт нь сайжирч ээж нь нүүрээ нуун дахин харуулж тоглоход дуртай байдаг. Мөн энэ үед дуугардаг тоглоом болон дуунд дуртай болдог. Дуу болон бүжигтэй нэвтрүүлэг гарахад удаан хугацаагаар үзэж, ээжийнхээ дуу хоолой, хөдөлгөөнийг анхааралтай ажигладаг болдог.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.